Гадаад хэл сурах Шлиманы арга

Хэвлэх
PDF

1001 шөнийн үлгэр байдагтай адил гадаад хэлийг бие даан сурах 1001 арга байдаг гэж хэлж болно. Хүн бүр өөр өөрийн аргаар суралцдаг. Өнөөдөр бид хэл шинжлэлийн ухаанд бие даан суралцах өвөрмөц нэгэн аргыг нэвтрүүлсэн Шлиманы тухай ярих болно. Юуны өмнө Шлиман гэж хэн байв гэдгийн талаар хэдэн үг хэлье.

 

Генрих Шлиман /1822-1890/ нь 19-р зуунд амьдарч байсан Германы эрдэмтэн хүн.  Тэрбээр Эртний Грекийн үлгэр домогт гардаг Трой хотыг газрын хөрсөн дороос малтаж гаргаад ирсэн гавьяатай хүн. Гомерын “Илиад”, “Одиссей” зохиолуудад гардаг Трой хотын балгас одоогийн Турк улсын Гиссарлык тосгоны нутаг дэвсгэр дээрээс олджээ.  Шлиман нь Эртний Грекийн үлгэр домогт гардаг үйл явдлууд эрт дээр үед болж өнгөрсөн гэдгийг батлах гэж бүхий л амьдралаа зориулсан эрдэмтэн хүн байжээ.

Шлиман Трой хотын балгасыг малтаж байхдаа маш их алтан эдлэл олж “Приам хааны эрдэнэсийн сан” гэж нэрлээд герман, франц хэл дээр олдворынхоо тухай “Итака, Пелопоннес ба Трой” гэдэг номондоо бичжээ.  Гэтэл хэвлэл мэдээллийнхэн түүнийг “Трой хотыг оллоо” гэж дэлхий даяар мандуулж байхад эрдэмтэд дотроос нэг ч хүн түүнийг нь үнэлээгүй орхижээ. Английн археологич Говард Картер,  Карнарвон нар маш олон алтан эдлэл агуулсан Эртний Египетийн Тутанхамон хааны булшийг олж насан туршдаа алдар нэрээ цуурайтуулж явсан бол Трой хотын балгасаас түүнээс хамаагүй илүү алт олсон Шлиманыг үеийнхэн нь ерөөхөөсөө илүү харааж ирсэн байх юм. Түүний олдворыг үгүйсгэх шалтгаан нь юу байсан бэ гэхэд тэр үед Шлиман нь дээд боловсрол байтугай арван жилийн сургууль төгсөөгүй хүн байжээ. Хэдийгээр археологийн шинжлэх ухаанд нээлт хийсэн боловч  үеийнхээ эрдэмтдийн хүрээнд  бүтээлээ хүлээн зөвшөөрүүлж чадаагүй учир Францын Сорбоны их сургуульд 40 гаруй насандаа оюутан болж дэлхийн урлагийн түүх, археологи, санскрит хэл болон дүрс үсгийн талаар суралцах болжээ. Удалгүй хоёрдахь номоо таван хэлээр нэгэн зэрэг хэвлүүлж түүхийн ухааны доктор болсон байна.

“Илиад” зохиолд гардаг Грекийн жанжин Агамемноны булшийг хайж явахдаа алтан маск олж Эртний Грекийн өмнөх Микены соёл иргэншилыг нээж Английн Оксфордын их сургуулийн хүндэт доктор, Францын Сорбоны их сургуулийн доктор, Герман улсын Росток хотын их сургуулийн түүхийн ухааны доктор  болж байжээ.

Шлиман 10 ном бичиж үлдээсэн эрдэмтэн юм. Тэрбээр “Хятад  ба Япон орноор аялсан минь” хэмээх анхныхаа номыг франц хэлээр хэвлүүлэн гаргажээ. Үүнээс хойш бичсэн ном бүрээ 3-5 хэл дээр нэгэн зэрэг бичиж хэвлүүлдэг байжээ. Шлиман  дэлхийг тойрсон хүн. Тэрбээр очсон газрынхаа хүмүүстэй төрөлх хэлээр нь ярихаас гадна өдрийн тэмдэглэлээ тэр хэлээр нь бичиж үлдээсэн байна.
Шлиман  дэлхийн 17 хэлээр чөлөөтэй ярьж, бичиж эрдмийнхээ бүтээлийг туурвиж байжээ. Багшаар ердөө хоёр хэлийг, тухайлбал санскрит болон эртний грек хэлийг заалгаж бусдыг нь  бие даан суралцжээ.

Энэ хүн ийм олон хэлийг яаж бие даан сурч чадав гэдгийг сонирхуулахад ердөө л “унш, унш бас дахин унш” гэдэг аргыг хэрэглэсэн байна. Шлиманы аргын онцлог  нь унших үйлдлийг бүтээлч үйл ажиллагаа болгосонд оршдог.

 

Тэр хамгийн түрүүнд голланд хэл сурчээ. Голланд хэл нь герман хэлний группт ордог тул  амархан сурсан гэдэг. Голланд хэлнийхээ дараа англи хэл сурсан байна. Англи хэл нь түүний хамгийн удаан хугацаагаар сурсан цорын ганц хэл юм. Англи хэлийг гурван жилийн турш бие дааж сурахдаа өөрийн арга барилтай болсон тул бусад хэлд жилээс бага хугацаа зарцуулж иржээ.
Түүний гол арга нь унших байсан тул өөрийн сайн мэддэг Эртний Грекийн үлгэр домгийг сурах хэл дээрээ худалдан авдаг байжээ. Англи хэл сурахын тулд Гомерын “Илиад” баатарлаг туульсийг англиар, англи хэлний дүрмийн ном , англи герман хэлний толь авчээ.
Ингээд унших аргыг хэрхэн бүтээлч үйл ажиллагаа болгож чадсаныг нь дэс дараалалтайгаар авч үзье.

1. Илиад зохиолын аль нэгэн бүлгийг хэд дахин чангаар уншдаг байжээ. Текстыг уншиж цээжлэнэ. Уншиж байгаа  зохиолоо өөрөө сайн мэддэг байсан тул амархан цээжилчихдэг байжээ.
2. Цээжилсэн текстээ толины өмнө зогсоод өөрөө өөртөө ярьж өгнө.
3. Дараа нь цээжилсэн текстээ бичнэ.
4. Бичсэн текстээ зохиолтойгоо харьцуулан үзнэ. Хэрэв 70 хувиас доош тогтоосон байвал дахин уншдаг байжээ. Харин хоёрдахь удаадаа толины өмнө зогсолгүй гадагшаа гарч гудамжинд сууж байгаа гуйлагчин дээр очоод :”Би чамд юм ярьж өгье. Сонссоны чинь шанд өдрийн хоол авч өгье” гэж хэлээд текстээ ярьж өгдөг байжээ. Зарим хүн өөрийнх нь огт мэдэхгүй хэлээр юм яриад байхад  унтчихдаг байсан гэж өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байна.
5. Цээжилсэн текстээ өөрийн үгээр ярина.
6. Текстээ цээжлээд, бичээд, өөрийн үгээр өөрөө өөртөө ярьсаныхаа дараа Амстердам хотын далайн боомт руу явж англи усан цэргүүд дээр очоод тэдэнд ярьж өгдөг байжээ. Тогтоосон текстээ англи хэлтэй хүнд ярьж өгнө.
7. Усан цэргүүдэд текстээ ярьж өгөнгөө дуудлагаа засуулж аваад тэд нараар өөрсдөөр нь  уншуулж араас нь дагаж хэлдэг байжээ. “Уйдсан усан цэргүүд дээр очоод Эртний Грекийн үлгэр домгоос ярьж өгөхөд уншаагүй хэсэг нь сонирхож дахин ирж сонирхолтой зүйлээсээ ярьж өгөөрэй гэхээр нь бичиж очоод өөрсдөөр нь чанга уншуулаад анхааралтай сонсдог байсан” гэж тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байна.
8. Хамгийн сүүлд текстийн үг хэллэгийг ашиглан харилцаа яриа зохиогоод  англи хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг сүм дээр очиж хүмүүстэй уншсан текстийнхээ тухай харилцан ярилцдаг байжээ. Харилцаа яриа зохиохдоо хэлний дүрмийг судалдаг байв. Шлиман англи хэлний хорь гаруй цагийг ойлгох гэж өөрийгөө зовоогоогүй харин хамгийн түрүүнд дүрмийн бус үйл үгсийг цээжилсэн гэж цохон тэмдэглэсэн байна. Тэр эхлээд харилцаа яриагаа өнгөрсөн цаг дээр зохиодог байжээ. Дараа нь тэр яриагаа одоо болж буй цаг буюу ирээдүй цаг дээр тус тусад нь хувиргаад өөрийн болгосны дараа өөр цагууд руу аажмаар оржээ байжээ.

Ийм  найман үйлдлийг уйгагүй хийж байж англи хэл сурчээ. Өнгөц харахад энэ нь сунжирсан үйл явц мэт харагдах боловч уураг тархийг идэвхтэй ажиллуулж сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх үр өгөөжтэй арга мөн юм. Ингэж ажилласнаараа найман удаа ойр ойрхон үр дүнгээ хурдан харж хэл сурах явцыг сонирхолтой бүтээлч үйл ажиллагаа болгож чаджээ. Өөрөөр хэлбэл Шлиманы арга гэдэг нь  гадаад хэлийг богино хугацаанд эрчимтэйгээр тасралтгүй дайрч бүтээлчээр үзэхийг хэлж байгаа юм.

Шлиманы энэ арга нь ямар учраас хэл шинжлэлийн ухаанд бие дааж сурах шалгарсан арга болсон тухай  хэдэн үг хэлье.
Аливаа гадаад хэл сурахад бичих, унших, ярих ,сонсох ба орчуулах аргыг хэрэглэдэг. Бид багшаар хэл заалгаж байхдаа эдгээр таван аргаас унших, бичих, орчуулах гуравт их анхаардаг байсан. Энэ нь бид нар нүд гар хоёроо ихээр хэрэглэдэг байсан гэдгийг хэлж байгаа юм. Гэтэл Шлиман харах, сонсох, бичих мэдрэмжүүдээ нэгэн зэрэг хэрэглэж маш их чармайлт гарган сурдаг байжээ. Өөрөөр хэлбэл текстыг амандаа биш чангаар уншихад нүд, ам, чих зэрэг ажиллана. Гараа хамгийн сүүлд хэрэглэдэг байжээ. Бие даан сурч байгаа хүн текстыг чангаар уншиснаар хурдан тогтоодог гэдгийг Шлиманы арга харуулж байгаа юм.

Санхүүгийн боломжгүй аль эсвэл бусадтай хамт сурах цаг завгүй хүн алдаагаа засуулах бүхий л боломжийг хайх хэрэгтэй. Өөрийн сайн мэддэг зүйлээ хүний сонирхолыг татахуйц ярьж чадвал алдаа засаад өгөх хүн хаа сайгүй байдаг юм байна гэдгийг Шлиманы аргаас суралцах боломжтой.

1983 онд  ЗХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнд аспирантаар суралцаж байхад минь ЗХУ-ын Аюулаас хамгаалах Яамны сургуулиас тэтгэвэрт гарсан багш бидэнд герман хэл зааж байсан. Багш маань бидэнд Шлиманы аргыг сургууль дээрээ  хэсэгхэн хугацаанд яаж хэрэглэдэг байснаа тайлбарлан өгч билээ. Хүн бүрийн юм тогтоох арга барил өөр өөр байдаг тул сургалтынхаа эхний үед оюутнууд дээрээ энэ аргыг хэрэглэж тогтоох чадварыг нь илрүүлдэг байсан гэж багш маань ярьж байсан. Зарим хүн ямар нэгэн юмыг нэг сонсоод л тогтоочихдог бол мянган удаа хэлээд байхад  тогтоодоггүй хүн бас байж л байдаг. Зарим хүн нэг харсан юмаа хэзээ ч мартдаггүй бол зарим нь нүдэн дээр байгаа юмаа  олж хардаггүй. Иймээс тагнуулчдыг бэлтгэдэг тэр сургууль нь гадаад хэлийг өдөр бүр 4 цагаар эрчимтэйгээр заахдаа оюутнуудынхаа тогтоох чадвар, сэтгэн бодох чадвар болон хүнтэй харьцах харилцааных нь соёлыг Шлиманы аргаар нэгэн зэрэг богинохон хугацаанд шалгачихдаг байжээ. 

Генрих Шлиман нь гадаад хэлийг зорилго гэж үзэлгүй харин зорилгодоо хүрэх арга хэрэгсэл болгож чадсан хүн учраас түүний аргыг тэр сургуулийнхан хэрэглэдэг байсан гэж багш маань хэлдэг байсан.

1001 шөнийн үлгэр байдагтай адил гадаад хэлийг бие даан сурах 1001 арга байдаг гэж хэлж болно. Хүн бүр өөр өөрийн аргаар суралцдаг гэж эхэлсэн билээ. Тэр 1001 аргаас зөвхөн ганцынх нь тухай л хагас хугас ярилаа. Тэгэхлээр цаана нь байгаа бүх арга та нарын хүсэл зорилгын дотор нуугдаж байгаа шүү гэж хэлээд энэхүү яриагаа төгсгөе.

Ш.Наранчимэг

Вашингтон ДС орчмын Залуучуудын клуб дээр уншсан илтгэл.


 

 

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино