Надад энэ эмэгтэй Монголын жирийн нэгэн эх хүн атлаа, ядарсан тарчигхан амьдарч яваа монголын эмэгтэйчүүдийнхээ төлөө гэсэн чин сэтгэл, зорьмог санаа, өөдрөг үзэл, хайр, өгөөмөр сэтгэл, энэ бүхэн тэр л агшинд мэдрэгдэж билээ. Яалтай ч туслахыг би хүсэж байна. Харин гэхдээ яаж, хэзээ, хэрхэн санхүүжүүлж гэдгээ одоо хэр нь мэдэхгүй л яваа нь үнэн. “Учир нь олдоно доо” гэсэн хоосон цээжнээс өөр юм надад одоохондоо алга л байна.
Тэр өдрөөс хойш Эрдэнэтуяа эгч надтай байсхийгээд л утсаар залгаж наана цаана ажил төрөл ярилцана, дэлхийн алдартай эмэгтэйчүүдийн түүх, тэднийг дэмждэг жишээ авах нийгэмлэгүүд гээд л зарим нэг нь хэзээ хэрэгжиж биелэлээ олох нь мэдэгдэхгүй нэг л мөрөөдөл мэт л санагдана. Хичнээн хиймээр байвч зав зай ажил ихтэйгээрээ гайхуулж яваа над шиг хүн олигтой ч нэмэр болсонгүй.
Тун саяхан шүү дээ, өнгөрсөн улс тунхагласны баяраар л Британи дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо гээч байгууллага Эрдэнэтуяа эгчийн нэрээр овоглож өөрийнхөө мэндэлсэнийг Лондонд байгаа эмэгтэйчүүдийнхээ анхааралд анх удаа зарлагдаж билээ. МонголЧаритигийн Одонгэрэл эгч, Оюунлаг Бүтээлч Клубын Буянбат, Семон кашмерийн Сэмжидмаа гээд л нилээн хэдэн байгууллага хүмүүсийг нэгдүүлж чадсан нь бас л гайхамшигтай. Нээлтийн ажиллагаа үнэн сүртэй боллоо. Дуу хуур ихтэй, хөгжил наадам дүүрэн, хоол ундаар элбэг дэлбэг энэ нээлтэнд ирээгүй оролцоогүй эмэгтэй ч бараг алга болтой. Миний бүх танилууд л ирсэн байсан шиг санагдсан.
Эргээд харахнээ энэ өдөр мартахийн ч аргагүй Эрка эгчийн маань сүүлчийн том хонх байсан юм гэж хэн мэдлээ. Бид яаж ч мэдэх билээ? Удалгүй Эрдэнэтуяа эгч маань гэв гэнэт л хүндээр өвдсөнсөн.
Хагалгаа хийлгээд хавдар зовиуртай өвдсөөр байгаа ч өвчнөө умартан нөгөө л бусдын төлөө тэрийг хийе энийг хийе хэвээрээ утасны араас хүмүүсийг хооронд нь холбоно. Эвтэйхэн завтай нэгэн байвал ирээд уулзах хооронд л хэрэгтэй болгоныг нь хэлээд өгөөд явуулчихъя гэсэн аятай ам хамхилгүй ярьж өөртөө байгаа хэрэгтэй гэснээ л цуглуулан урсгана. Энэ эмэгтэй юуны төлөө ингэж их тэмүүлнэ вэ? Эрүүл саруул яваа бид ч тэр болгоныг хийчихэлгүй хоосон амлаж тойрч гүйхэд, өвдөөд шаналсаар байгаа хэр нь өөртөө үлдсэн өчүүхэн эрүүл хэсгийг бусдын үр хүүхэд, ядарсан нэгэнд өгчих гэж хичээх…
Би дэргэд нь суухдаа өөрөөсөө ичих ч шиг болж билээ.
Би дэргэд нь суухдаа хүн болгонд хайр гэж байдаг ч тийм их хязгааргүй цацдаг хайр Эрка эгчид маань байгааг мэдэрч билээ.
Би дэргэд нь суухдаа Эрка эгч шиг дахиад хэдэн мянган монгол эмэгтэйчүүд өөртөө байгаа өгөөмрөөр зориулж яваа болоо гэдгийг бодохоос ч алмайрч билээ.
Би дэргэд нь суухдаа энэ их ариун сэтгэл чандмань эрдэнэсийг өвлөсөн Монгол эмэгтэйчүүддээ оюуны ундраа, сэтгэлийн тайлалыг нь өгч хорвоо ертөнцийн хүйтнийг уяраах юмсан даа хэмээн нулимс дуслуулан зүрхээ чичрүүлэн сууж билээ.
Эрдэнэтуяа эгч таны гэгээн хүсэл ариун мөрөөдөл биелэх болно. Та од тэнгэрийн орондоо тайван нойрсоорой.
Бичсэн Б Мөнгөнтуяа.