Д.Ундармаа

Хэвлэх
PDF

undarmaa“Хүн өөрийгөө дутуу үнэлсэндээ л өөрийгөө мохоож амжилтаа үгүй хийдэг юм шиг санагддаг.”

Д. Ундармаа

Их Британид сурч ажиллаж амьдардаг Монголчууд маань маш завгүй ажиллаж, сурч ажиллахын сацуу Монголдоо байгаа гэр бүлээ тэтгэж дэмжиж явдаг гайхамшигтай хүмүүс. Бидний дунд энэ их амьдралын завгүй урсгал амьдралын ачааллын дундуур амжуулж ном бичиж хэвлүүлээд байдаг хүн тэр бүр ховор.

Өнгөрсөн өвөл хэвлэгдэж гарсан “ЛОНДОНГООС БИЧИЖ БАЙНА” номыг сонсоод  сониучирхан олж авсан. Зохиолч Д. Ундармаагийн бичсэн энэ номыг уншаад яах аргагүй гадаадад амьдарч байгаа нийт Монголчуудын маань амьдралын хэв маяг, үзэл бодол  жирийн нэгэн эмэгтэйн мөрөөдөл амьдралын хүсэл тэмүүлэл хэрхэн өөрчлөгдөж, гомдож гундаж, өсөж ургаж явааг сэтгэлийн яруу эгшигээр нь мэдэрч билээ. Түүгээр ч зогссонгүй, Британи дахь Монголчуудынхаа дунд нийгмийн ажил үйлсэд тус дэмтэй явдаг болохоор нь Ундармаа эгчтэй дотно танилцах завшаан надад тохиосон юм.

Саяхан Их Британий Лондон хотноо болсон Дээрхийн Гэгээн 14-р Далай Ламын 75 насны ойн төрсөн өдөрт зориулан тавьсан концертонд Ундармаа эгчийн маань дууны үгээр зохиосон дуу нь оролцож Монголыг төлөөлж оролцсон талаар баяртай мэдээ дуулаад энэ дашрамыг далимдуулан уншигч та бүхэндээ танилцуулахыг зорьсон юм.

Ингээд юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгөх цаг зав гаргасан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

Би Өмнөговь аймгын уугуул иргэн. АУИС-ыг их эмчийн мэргэжлээр дүүргэсэн. Одоогоор Лондон хотод аж төрч нэлээд хэдэн жилийн өвөлтэй золгоод байна даа.

Таны “Лондонгоос Бичиж Байна” номыг би саяхан олж авч уншаад их таалагдсан. Та анх номоо бичихэд юу нөлөөлөв? Гадаадад амьдарч буй олон Монголчууд өөрийнхөө үзэл бодлоо бичмээр санагддаг нь эргэлзээгүй ч тэр бүр ном болгуулаад хэвлүүлчихэж чаддаггүй. Танд яг юу бодогдоод ном болгуулаад гаргачихав? Энэ талаараа бидэнтэй хуваалцаач.

Миний хөдөлмөрийг үнэлж урам хайрлаж байгаад чинь их баярлалаа. Надад өгч байгаа асар их шагнал юм л даа. Амьдалын үнэн бодитыг яруу найргын уянгаар буулгах нь хүмүүсийн сэтгэлд их ойрхон дотно байж тэдэнд хүрсэн юм боловуу. Санаа чинь сэргэг Сэтгэл тань ариун байг. Анд нөхөд Лондончууд эрхэм уншигчиддаа сэтгэлийн гүнээс дахин баярлалаа гэж хэлье.
Энэ ном бол миний анхны уран бүтээл, 4 жилийн минь хөдөлмөр гэхүү дээ. Лондонд  амьдрах хугацаандаа бага багаар сийрүүлж өөрийн сонирхолдоо хөтлөгдөж бичсээр нэг л мэдсэн нилээн хэдэн юм болохоор нь хэвлэлд явуулсан. Номны маань ганц зорилго нь хүмүүст амьдралын утга учир, ухаарлыг өгөхөд л байлаа.

Энэ чөлөөт нийгэмд өөрийн үзэл бодлоо бичиж хийх гэснээ хийж хүн болгон чадна. Өөртөө тавих шаардлага өндөртэй зорилгоо биелүүлэх байнгын оролдлого хэрэгтэй байх л даа. Хүн өөрийгөө дутуу үнэлсэндээ л өөрийгөө мохоож амжилтаа үгүй хийдэг юм шиг санагддаг.
Хүн гагцхүү мөнгө гэж бодвол энэ бол явцуурал байх. Нэгэнт чи хүний нутагт хөл тавьсан бол тэр орны хуулийг дагах нь зөв, нөгөөтэйгүүр өөрийгөө гаргуунд нь гаргаж зөвхөн мөнгөний төлөө гэж эрүүл мэндээ ч хохироож болохгүй л дээ. Суралцах ажиллахын хажуугаар бас өөрийн гэсэн хүссэн зүйлээ хийх цаг завыг гаргаж хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хамгийн чухал нь би хэн бэ гэдгээ мэдэрч, итгэлтэйгээр цоглог амьдрах нь чухал. Ингэснээр сэтгэл өөдрөг байж хатуу он жилүүдийг давж, зорьсондоо хүрнэ гэхүү дээ. Хүний нутагт хайртай болгоныг тань орлох зөвлөгч нь таны өөрийн оюун ухаан л билээ.

Таны номыг анх Лондонд ирж байгаа Монголчууд уншвал маш их амьдралын мэдээлэл сэтгэлийн хат бэлэглэх юм шиг санагдсан. Олон хүмүүс энэ номноос бас сурч таны туршлагаас суралцах боломжтой гэж бодож байна. Tаны номыг худалдаж авъя гэвэл хаанаас авах вэ? Лондонгийн Монголчуудын дэлгүүрүүд дээрээс авч болох уу? Хэрэв өөр гадаад улсад суугаа Монголчууд авч уншъя гэвэл боломжтой юу?

Баярлалаа, энэ ном маань цөөн тоогоор хэвлэгдсэн. MONGOLBRIDGE дээр хэдэн ширхэг үлдсэн байгаа сурагтай. Тэндээс л авч болно доо. Гадаадад амьдарч байгаа Монголчуудад дахин хэвлэе гэвэл болно л доо.

Таныг Лондонгийн нилээн хэдэн зуны наадмаар хөтлөгч хийж байсныг чинь санаж байна.

Сүүлийн 3 жил Лондонгийн наадмыг хөтлөн явуулсан. Олон хүмүүстэй танилцаж туршлага сууж хамтран ажиллаж алдаж онож их ч зүйлийг олж мэдсэн. Энд нэг санааг хэлэхэд Монгол наадам бол үндэсний их баяр наадам гэдэг санаагаараа бидний их өв ёс заншил гэдэг утгаараа их өргөн хүрээтэй сайхан арга хэмжээ юм.

Хүүхдийн төлөө байгууллагын үйл ажиллагааг удирдаж байсан талийгаач Эрдэнэтуяа эгч танд их их ам сайтай байсныг дурсаад та 2 зорилго нэгтэй байсан болов уу гэж бодогдсон.

Тиймээ, Эрдэнэтуяа эгч маань Лондонгийн хүүхдүүдийн төлөө их зүйлийг хийсэн хүн. Түүний зохион байгуулж байсан хүүхдийн шинэ жил, олон уралдаан тэмцээн, чуулга уулзалт хүүхдийн баярын үйл ажиллагаанд оролцоогүй хүүхэд эцэг эх ховор. Төрсөн ганц эгчтэй. Олон сайхан нөхөдтэй байсан. МонЧаритигийн захирал Одонгэрэл бид хэдэн нөхдүүд бас Эрдэнэтуяа эгчийнхээ эхлүүлсэн энэ сайхан үйлсийг үргэлжлүүлэх санаатай байгаа. Маш их оюунлаг сэтгэхүйтэй, хүнийг зөв талаас нь дүгнэх чадвартай, хүүхдэд зүрх сэтгэлээсээ хайртай, найз нөхөддөө нөмөртэй, ухааныг нь хүндэтгэн нөхөрлөдөг байсан. Удахгүй болох хүүхдийн шинэ жил та нарын бяцхан үрсийг баярлуулахаар хүлээж байна.

Үнэхээр гайхамшигтай хүн байсан шүү талийгч маань. Бидэнд бүхий л сайн сайхнаа зориулдаг байсан юм шиг надад бас санагддаг юм. Мэдээж түүний хийж байсан энэ ариун үйлсэд олон сайхан сэтгэлтэй өөдрөг Монголчууд маань хамтарч оролцох болов уу гэж найдаж байна. Ийм хүмүүс тантай холбоо баръя гэвэл, яаж холбогдох вэ?

Хүүхдүүдэд зориулсан баяр, уралдаан тэмцээнд оролцоё гэвэл надтай имэйлээр холбогдож болно.
Миний имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.  
Бидэнд ер нь хүн хүчний туслалцаа ч  их хэрэгтэй байдаг юм. Одоо бид чинь хүүхдүүдээ гэхээсээ өөрсдийнхөө ар гэр амьдралаа гэж явсаар хүүхдүүдээ бид гаргуунд хаяж болохгүй шүү дээ. Ялангуяа гадаадад суугаа Монгол хүүхдүүд жилдээ ганц хоёр удаа нийлж үндэсний хэлээрээ тоглож наадаж, өрсөлдөж уралдана гэдэг сайхан л зүйл дээ.

Тийм шүү, тантай санал нийлж байна. Би ч бас боломжоороо туслалцахыг бодноо. Далай Ламын 75 насны ойн баярт зориулж тавьсан концертонд Монголыг төлөөлж хэдэн хүн оролцсон бэ? Яаж яваад ийм ховор сонирхолтой үйл ажиллагаанд оролцов?

Энэ дууг бичих, концертыг зохион байгуулахад Монголын талаас Эвшин маань их санаачлага гаргасан. Үндэсний дуурийн их сургуулийн оюутан А. Мөнхжаргал маань дуулж би үгийг нь бичсэн. Дуучин маань уг саналыг тавьж хамтран дуугаа проолдоод студид бичүүлсэн юм. Дууны үг зохионо гэдэг бас л сонин санагдсан. Аяыг нь зохиох хүн олдоогүй болохоор “Дөрвөн цагийн тал” дууны аян дээр хийсэн. Миний хувьд сэтгэл өндөр маш их баяртай байгаа учир нь Дээрхийн Гэгээн 14-р Далай Ламын 75 насны ойн төрсөн өдрийн баярт зориулж уран бүтээл хийнэ гэдэг бол маш их буяны үйл, азтай хувь тавьлан, амьдралд олдох ховорхон тохиох үйл явдал байсан юм. Буян Арвидах болтугай. “HIS HOLINESS THE 14 DALAI LAMA” энэ сд концертны видео бичлэгийг далай багшид бэлэг болгон хүргүүлсэн байгаа.

Энэ концертийг Буддын шашинтай олон орон үндэстэнгүүд хамтарч хийсэн нь их сонирхолтой олон улсын ач холбогдолтой болсон. Төвдүүдээс сурсан зүйл юу байна? Манай Монголчуудаас ямар ялгаатай санагдав?

Төвдийн байдал улс төр тусгаар тогтнолын хувьд их асуудалтай хүнд байгаа. Гэвч Лондонд байгаа London Tibetian production байгууллага маш сайн ажиллаж тэмцэл хийж байгаа нь их сайхан санагдсан. Энэ арга хэмжээг зохион байгуулсан Далай, Карма гэж 2 төвд хүнийг онцолж хэлмээр байна. Арга хэмжээний үед аав нь өнгөрсөн мэдээг авсан ч уйлсаар үүрэгт ажлаа хийж зогссон. Тэд бол сэтгэлийн хаттай эх оронч хүмүүс байна лээ. Монголчууд төвд хүнийг үгүйсгэдэг үл ойшоодог шиг санагддаг. Төвдүүд ёс заншил, өв уламжлалаа хэрхэн хадгалж явааг харахад тусгаар тогтнол гэдэг ямар их үнэтэй мэдрэх шиг болсон. Бид хүний газар ирээд зан заншил, шинэлэг зүйл, соёл иргэншилийг нь судалж мэдлэг боловсролоо дээшлүүлж хэл эзэмшиж өөдөлж дэвжиж яваа. Үүнтэй зэрэгцээд бидний оюун ухаан тэлэх учиртай.

Далай Ламын 75 насны ойд зориулсан энэ СД-г хаанаас авч болох бол? Монголчууд маань бас авахыг хүсвэл?

London Tibetian Production дээр худалдаалж байгаа. Хэрэв энэ сд-г худалдан авъя гэвэл 075330335356 утсаар холбоо барьж болно.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын ажил уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.

Ярилцлага хийсэн
Амьдралын Дасгалжуулагч
Б. Мөнгөнтуяа
Британи дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан
Удирдах Ур Чадварын Сургалт

 

Д. Ундармаа эгчийн бичсэн дууг дуучин Мөнхжаргалын дуулсанаар эндээс хүлээн авч сонсоно уу.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино