Г. Ичинхорлоо

Хэвлэх
PDF

ichinhorloo“ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛ БАЙХ ТУСМАА ӨӨРТ ЧИНЬ ӨСӨЖ ХӨГЖИХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ”
“Морьтон Баатар Эрдмийн Одон”-гийн эзэн Г. ИЧИНХОРЛООТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Британид ажиллаж амьдардаг Монголчуудын дундаас төрөн гарсан анхны “Морьтон Баатар Эрдмийн Одон” шагналын эзэн Лондонгийн Хөрөнгийн Биржид дадлага хийж буй Гомбодоржийн Ичинхорлоотой ярилцсан ярилцлагаа та бүхэндээ хүргэе гэж зорьсон юм. Ичинхорлоо маань сүүлийн үед ажил хөдөлмөрөөр ундарч олз омог дүүрэн, Монголын хөрөнгө оруулалтын салбарт өөрийн чадвараа хөгжүүлж яваа өндөр мэргэжилтэнгүүдийн маань нэг билээ. Энэ талаар нь ярилцлагаараа дамжуулан Ичинхорлоогийнхоо амжилтын нууцыг Британид буй Монголчууддаа хүргэхийг бид зорьсон юм.

Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгөх цаг зав гаргасан танд их баярлалаа. Та манай уншигчдад өөрийнхөө талаар танилцуулахгүй юу? Англид ирээд одоо хэр удаж байна? Өнгөрсөн хугацаанд та хаана юу хийж байв? Хувийн амьдралаа хуваалцаач.

Танд ч гэсэн талархал илэрхийлье. Намайг Ичинхорлоо гэдэг,  гэхдээ дотны найз нөхдүүд маань ихэнхдээ Ичко гэдэг нэрээр маань мэднэ. Сүхбаатар аймгийн Баруун- Урт хотод төрж өссөн. Лондонд анх 1998 онд ирж байсан. Түүнээсээ хойш сайхан үедээ сайхан, хэцүү үедээ хэцүү адал явдлаар дүүрэн 10 жилийг ардаа үдэх гэж байна даа. Хоёр хөөрхөн хүүхдийн ээж болж, одоо найм, есөн настай охин хүү хоёр бий. Тэгээд дараа нь хоёр их сургуулийг баклавр, магистераар сурч дөнгөж энэ жил дуусгаж байна даа. Би 2000 онд МУИС ийн баклаврт Санхүү, 2009 онд Лондон Метрополитан Их Сургуулийн баклаврт Банк Санхүү тэгээд одоо 2010 оны 8 сард Reading Их Сургуулийн Харьяа Олон Улсын Сапиталын Зах Зээлийн Нийгэмлэгийн Бизнесийн Сургуульд (ICMA Centre)  магистраар Олон Улсын Үнэт Цаас, Хөрөнгө Оруулалт ба Банк чиглэлээр сурч шалгалтуудаа өгч дуусгасан даа. Ингээд эргээд харахаар анх Англи гэдэг оронд ирэхдээ бодож ирсэн хүсэл мөрөөдөлдөө 10 жилийн дараа л хүрлээ дээ.       

Таны авсан “Морьтон Баатар Эрдмийн Одон” шагналыг тэр бүр хүн авдаггүй их онцгой шагнал мэт санагдсан? Энэ талаар ярилцаач, яагаад танд энэ шагналыг өгөхөөр шийдсэн юм бол?

Аан, тэр тухайд бол онцгой шагнал уу, онцгой хүмүүс үү эсвэл огт сонсоогүй одон уу, огт танихгүй хүн үү гэдгийг би хувь хүмүүсийн өөрсдийнх нь бодолд үлдээе. Би ч гэсэн өөрөө урьд нь огт сонсоогүй байсан болохоор сонирхолтой байсан. Ямар ч байсан миний хувийн амьдралд энэ 2010 он их онцгой нэгэн жил болж тэмдэглэгдэж үлдэх гэж байгаа юм байна гэдгийг би мэдэрч байнаа. Гэхдээ яг энэ одонг авсан тохиолдол маань өөрөө их сонирхолтой бөгөөд санаандгүй явдал болсон л доо. Өнгөрсөн 9 сарын дундаас эхэлж Лондонгийн Хөрөнгийн Биржд дадлага хийх тийм азтай завшаан надад олдсон юм. 9 сарын 29нд Улаанбаатарт Лондонгийн хөрөнгийн биржээс зохион байгуулсан Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Хоёрдугаар Бага Хурал гэж болсон юм. Тэр үйл ажиллагаанд туслах бас дээр нь тавигдах илгэлүүд болон оролцож байгаа гадаадын болон дотоодын байгууллагуудын талаар жоохон мэдээлэлтэй болох хүслээр 7 хоног Монгол явж ирсэн. Тэгээд тэр хурлын үеэр хоёр хүнтэй дотно танилцаж нилээд удаан эх орныхоо тухай бодол сэтгэлээ хуваалцах завшаан олдсон юм. Гэтэл тэд нар маань надад Чингис Хааны Дэлхийн Академийг танилцуулахаар болж Давааням багштай танилцах хувь тохиосон юм. Давааням гуай их эзэн Чингис хааны удмын 30 дахь үеийн үе залгамжлагч гэдгээ саяхан дэлхийн 141 гишүүн оронтой Royal нийгэмлэгт батлуулж чаджээ. Энэ нь анх удаа түүхэнд Монгол хүн, тэр тусмаа өөрийнх нь удмын хүн тэртээ 800 жилийн дараа дахин Чингис хаан нь мөнх тэнгэрийн элч байсан бөгөөд бурхан байдаг гэдгийг баталсан түүхэн үйл явдал болсон юм байна. Тэрээр 20 гаруй жил хөдөлмөрлөсөн Чингис хааны төрийн бодлоготой холбоотой бүтээлээрээ Америкийн алдарт Rothschild их сургуулийн хоёр докторын цолыг улс төр болон дундад зууны түүхч гэдгээр тус тус онц дүнтэй хамгаалсан баримтуудыг нүдээрээ харж, гараараа барьж унших тийм хувь надад олдсон юм. Эндхийнхээ завгүй бөгөөд морин дэл дээр өнгөрүүлдэг өдөр тутмын амьдралдаа дасаад 10 гаруй жил болсон надад энэ байгуулага болоод энэ багшийн талаар мэдэх юм үнэхээр байгаагүй гэж хэлж болно, гэхдээ оюутан байх үед л нэг хоёр монгол үндэсний урлагын хүмүүстэй холбоотой чихээр орж байсаныг эс тооцвол. Нэгэнт энэ академи дэлхийд хүлээн зөвшөөршөөрөгдсөн болохоор Чингистэй холбоотой эсвэл харьтай түүхэн зүйлүүдийн эзэн байх эрхийг авсан юм байна. Энэхүү Морьтон Баатар Эрдмийн Одон дээр Чингисийн сүүдрээс өөр найзгүй сүүлнээс өөр ташуургүй явахад нь үнэн ч анд нь болсон Боорчийн морь унасан зураг байдаг юм байна. Чингисийн үед үүнийг цэрэг армийн гавьяа байгуулсан хүнд өгдөг байсан нь мэдээж. Гэвч өнөөдөр бидэнд Чингисийн төр засгаа авч явсан тэр төрийн бодлого, оюун нь хэрэгтэй хэмээгээд 6 сар хэлэлцүүлсэний эцэст энэ одонг милитари биш философийн буюу оюуны одон болгож зөвшөөрүүлсэн юм байна. Тэгээд энэ одонг надад өгөхдөө хэлсэн Давааням гуайн үгнүүдээс санахыгаа утгаар нь энд хуваалцья: “Энэ шагналыг авах гол шалгуур нь Монголын нэрийг дэлхийд гаргах явдал юм. Тиймээс бид энэ шагналыг юм бүтээсэн, хийсэн, Монголын нэрийг дэлхийд гаргасан тийм гавьяатай хүмүүст өгдөг. Гэхдээ заримдаа шинэ юманд шинэ санааны төдий байхад ч бас өгч болно. Түүхэнд цаг үе бүхэн өөрийн гэсэн онцлог бэрхшээлүүдтэй байдаг. Өнөөдөр манайх газрын доорхи баялагынхаа ачаар уул уурхайн чиглэлээр хөгжсөн орнуудын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн тухай саяхнаас ярих болсон. Гэтэл улс орон, ард түмэн маань бас үүнд тийм ч бэлэн биш байна. Гэтэл 12 жил хүний нутагт, тэгээд эмэгтэй хүүхэд байшингаа ч барьцаалсан уу эсвэл их өр зээл ч тавьсан уу бүү мэд хувь хүнийхээ хувьд хөдөлмөрлөж 200 жилийн түүхтэй, дэлхийд хамгийн хөгжсөн тэр том хөрөнгийн биржд дадлага хийж явна гэдгийг чинь сонсоод өөрийн эрхгүй дэмжих хүсэл төрсөн юмаа. Эх орондоо үнэнч яваарай, охин чинь залуу насаа хий дэмий өнгөрүүлээгүй юм байна, охиноороо бахархаж яваарай. Хэрэв би эмэгтэй хүн байсан бол бас ингэж 20 гаруй жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг өнөөдөр ингэж харж чадахгүй ч байсан байж магадгүй. Чингисийн иргэддээ тулгуурласан тийм төрийг байгуулахад бидэнд  хийх юм их байна” гээд ээж аавын минь дэргэд өгсөн юм даа. Тиймээс би Боорч шиг эх орондоо үнэн ч байхыгаа дотроо амлаад энэхүү хүндтэй одонг хүлээн зөвшөөрч төрсөнөөсөө хойш дахин нэг удаа Чингисийн охин боловоо... хэхэ. 
                     
Давааням гуайн хэлсэнтэй үнэхээр санал нэг байна. Үнэхээр үнэн шүү. Хүний нутагт 12 жил эмэгтэй хүүхэд бие даан хөдөлмөрлөж ийм их зүйлийг амжуулна гэдэг бахархууштай зүйл. Тантай уулзахад ёстой Малгайгаа авч хүндэлмээр их сонирхолтой зүйлсийг хуваалцдаг тул би ч хүлээн зөвшөөрч байна. Гадаадад суугаа тан шиг олон Монголчууд ялангуяа эмэгтэйчүүд өөрийн гэсэн байр суурь үзэл бодолоо олтолоо маш их хугацаа зарцуулдаг нь дамжиггүй. Гэтэл үүний дундаас тэр бүр улсынхаа нэр хүндийг гаргаад Монголын бизнес санхүүгийн салбарт дорвитой хувь нэмэр оруулж яваа нь маш ховор шүү дээ. Тиймээс энэ бол үнэхээр гайхамшигтай учрал юм гэж би бодож байна. Цаашилбал бусад Монголчуудад ч бас танаас асууж суралцах зүйл маш их байгаа юм.
Лондонгийн Хөрөнгийн Бирж дэлхийд хамгийн нэр хүндтэй хамгийн их өндөр гүйлгээтэй, орлого ашигтай гэдгийг хүн бүр ярьдаг. Та яаж яваад энэ хүндтэй чухал газар ажиллаж суралцах сайхан завшааныг олж авав?

Тиймээ, Лондонгийн Хөрөнгийн Бирж 200 жилийн түүхтэй, нэр хүндтэй газар гэдгийг хүн бүхэн мэднэ. Лондон хот дэлхийн санхүүгийн төв гэхээр, Лондонгийн Хөрөнгийн Бирж зүрх юм л даа. Дээр хэлсэн, би дадлага хийж байгаа гэсэн. Хэдийгээр дадлага ч гэсэн мэдээж миний хувьд зүгээр эсвэл амархан олдсон тохиолдол биш л дээ. Өнгөрсөн хэдэн жил сурч байхдаа энэ Stock Exchange дээр юу болдогыг л ойлгодог болох юмсан гэж бодож явсан болохоос биш яг бас Stock Exchange-д нь ажиллах боломж олдох тухай бодож ч яваагүй. Тиймээс ч хамгийн ойрхон байдаг байгууллага нь банк гэж бодож сурч явсаар байтал ийм үүд хаалга нээгдсэн дээ. Тиймээс энэ хүртэл замыг туулахад таарсан, тусалсан, дэмжсэн аав ээж, ах дүүс болон найз нөхдүүддээ бүгдэд нь чин сэтгэлээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Дээр нь хамгийн гол нь эх орон маань бас би монгол хүн гэдгээр энэ боломж надад олдсон болохоор дээрх шагнал надад энэ л утгаар л авсандаа би бас их бахархаж байгаа.

Энийг сонсоод жирийн нэгэн Монгол эмэгтэйн Лондон дахь амьдралыг өнгөтөөр үзчихмээр юм шиг санагдсан. Та анх энд ирснээс хойш маш их шалгуурыг даван туулсан нь дамжиггүй. Таныг өдий зэрэгт явахад анх юу нөлөөлөв?

Надад өөрийн амьдралын кинонд тоглож байгаа юм шиг л адал явдал дүүрэн тэвчээр их шалгасан, өөртэйгөө тэмцсэн олон он жилүүд л байлаа. Энэ өнгөрсөн 10 жил миний амьдралын нэг чухал хэсэг байсан бөгөөд номоор хэлвэл нэг бүлэг нь болж ингээд энэ жилээр дуусч байна. Сайхан төгсгөлтэй байгаад нь би маш их баяртай байна. Тиймээс ирж буй шинэ арван жилийн эхний оноо цоо шинэ хуудсаар эхлэх хүсэлтэй байгаа.
 
Гайхамшигтай. Тэгэхээр цоо шинэ гэдэг үг маш их шинэ боломжуудыг бас бий болгох юм болов уу гэж би хувьдаа таамаглаж байна. Та бидэнд хамгийн их сургамж авсан амьдралын туршлагаасаа хуваалцахгүй юу?

Энэ орон их юм сургадаг, ойлгуулдаг орон тийм үү. Анх 21-тэй ирж байсан гэхээр миний бүтэн 20 наснууд энд өнгөрсөн байна. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд амьдралыг ойлгох гэж бас ухаан сууж өөрийгөө таньж мэдэх гэсэн он жилүүд маань энэ оронд оюутан ээж эсвэл ээж оюутан нэртэйгээр өнгөрсөн. Их юм ойлгож авсан. Унаж босч бас хөл дээрээ тогтох гэж явахдаа онож алдаж хийсэн юм бүхэн, уулзсан учирсан таарсан хүн бүхэн маань хичээл болж үлдсэн байсныг ухаарсан. Болоогүй, бүтээгүй юм бүхэн маань улам цааш зүтгэх шатгаан нь болж болсон бүтсэн эсвэл дэмжиж тусалсан хүн бүхнээсээ хүч авч явдаг байсан. Одоо ч адилхан.  Өөрөө өөртөө эсвэл өөрийнхөө үнэн мөн чанарт үнэнч байхын үнэ цэнийг мэдэрсэн.  Бас дээр нь би энэ амьдралаа өөрөө энэ хорвоод мэндлэхээсээ өмнө харж байгаад сонгож ирсэн юм байна гэдэг үнэнийг мэддэг болсоноос хойш миний яаж амьдрах нь миний өөрийн хариуцлага юм байнаа гэдгийг маш хатуу ойлгосон. Өнөөдөр би алдсан ч оносон ч жаргасан ч зовсон ч ирээдүйгээ залах эрхийг нь бас надад өөрт өгчихсөн байдаг юм байна гэдгийг мэддэг болсоноос хойш хэрэгтэй хэрэггүй юманд шаналахаа больсон. Өнгөрсөнөөсөө сурч ирээдүйгээ өөрийхөө чадах хэмжээндээ залах гэж мэрийх нь миний өдөр тутмын зарчим болсон. Эцсийн эцэст амьдралд тэмцэл гэдэг бусадтай биш харин өөртэй байдаг юм билээ. Өөртэйгөө тэмцэж, өөрийгөө дийлж өөрийхөө нуугдмал жинхэнэ мөн чанарыг буюу би хэн бэ гэдгийгээ олж мэдэх нь амьдралын утга учир байдаг бөгөөд бидний амьдралд тохиолдож буй том жижиг юм бүхэн үүнд дасгал сургууль нь байдаг юм билээ.          
 
Гадаадад амьдарч буй олон Монголчуудын дундаас амжилтанд хүрсэн хүмүүс ихэвчлэн маш их тууштай хөдөлмөрлөж байж өдий түвшинд хүрдэг мэт хааяа бодогддог. Гэхдээ тэр бүр хийж амжуулж чаддаггүй байх л даа. Таны бодлоор? Энэ талаараа бидэнтэй туршлагаа хуваалцаач.

Ааан…наадах чинь сайхан сонсогдож байна. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж үг  бас зөв явбал зөөлөн зөөлөн хорвоо гэдэг үнэхээр үнэн юм байна гэдгийг би ойлгосон. Хэрвээ тууштай хөдөлмөрлөлөө гээд амжилтанд хүрдэггүй гэвэл хөлс цусаа урсгах хүсэл хүнд төрөх болов уу. Хүн болгон энэ хорвоод ямар нэг зорилготой ирсэн байдаг, түүнийгээ олж мэдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй л дээ. Түүнийгээ олсон хүмүүс нь жинхэнэ аз жаргал, амжилт хоёрын аль алиныг нь мэдэрсэн байдаг. Хүн бүхэн аз жаргалтай байх эрхтэй бас үүрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэвэл тэр үүргээ биелүүлж аз жаргалынхаа төлөө зөв аргаар тэмцээ гэсэн үг гэж би ойлгож байна л даа. Гэхдээ аливаа үнэн амжилтын цаана заавал шударга хөдөлмөр эсвэл зөв санаа байх ёстой гэдгйиг санах хэрэгтэй байхаа. Тэгвэл жинхэнэ амтыг нь мэдрэх байх.     

Гадаадад амьдарч байгаа ихэнх Монголчууд маань мөнгөний төлөө ажил гэрийн хооронд хамаг цагаа зарцуулдаг юм шиг байдаг. Таныг хараад байхад аль алийг нь амжуулаад их сэтгэл өөдрөг яваа юм шиг санагдсан. Тан шиг ном уншиж суралцах хүсэлтэй эсвэл хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд дуртай зүйлээ хийх хүсэлтэй Монголчууддаа юу гэж зөвлөмөөр байна? Цаг зав, мөнгө, оюуны эрч хүчээр та хэр боломжтой, ямаршуухан мэдрэмж төрдөг вэ?

Тиймээ, би ойлгож байна. Мэдээж амархан биш. Надад ч бас амархан байгаагүй л дээ. Тийм ч учраас Давааням гуайг үг хэлэхэд нь нулимсаа барьж чадаагүй. Тэр хүн надтай яг ижилхэн нөхцөлд байгаагүй ч гэсэн тэр хүн зүрх сэтгэлээрээ намайг юун дундуур туулж явсныг минь мэдрэх шиг болсон. Амьдрал алхам тутамдаа сонголт байдаг. Надад ч гэсэн санаатай санаандгүй хийсэн сонголтууд л байсан. Өөрт байсан бүх л боломжийг дайчилсан гэж боддог. Хоёр хүүхдээ өсгөж, хоёр сургууль дүүргэхийн тулд 10 жил хасах данстай, хасах нойртой өнгөрүүлэх нь миний зохицуулж чадах trade-off сонголт байсан. Хасах дансаар маань одоо уул овоо боссон л доо...(инээв). Мэдээж энд ид шид гэж алгаа. Одоо тэгээд ирж яваа цаг болохоор эргээд тусалсан хүмүүс, байгууллага болон банкиндаа талархсанаа илэрхийлж балансаа тэнцүүлэх цаг удахгүй ирэх байхаа гэж найдаж байна.   
 
Өнгөрсөн жилүүдэд сурсан зүйлс юу байна? Англичууд манай Монголчуудаас ямар ялгаатай санагдав?

Англи, Монгол хоёуланд нь би хайртай. Сая Буянт-Ухаад буухад гэртээ бууж байгаа юм шиг санагдаж байсан, буцахдаа эргээд Heathrow-д буухад ч бас дахин гэртээ ирж байгаа юм шиг санагдсан. Монгол бол төрж өссөн эх орон минь, аз жаргал, амжилтаар дүүрэн өнгөрүүлсэн хүүхэд нас минь,  хайр хүндэтгэлийг эрхэмлэсэн ухаалаг ээж аав минь, ариухан сэтгэлтэй ахан дүүс минь, амьдралын замд минь хөтөлсөн олон хайртай багш нар минь, тоглож бужигнаж өссөн ангийн болон үеийн олон андууд найзууд минь гээд би чинь монгол хүн.
Англи бол миний залуу насаа өнгөрүүлж насанд хүрч, ухаан сууж, сурч боловсорсон орон, хоёр хүүхдийн минь мэндэлсэн өлгий нутаг. Англичууд бол энэ дэлхийд тэнцвэрийг нь барьж байдаг ухаалаг, энэрэнгүй үнэхээр агуу ард түмэн юм. Тиймээс энэ хоёр орон миний зүрх сэтгэлд эн зэрэгцэж оршдог болсон. Гэхдээ намайг ийм замд хүргэсэн бас нэг өөр орон бий энэ бол япон орон. Япон хүмүүс тэр тусмаа Happy Science-ийн номлолууд.
     
Танд нөлөөлж тусалдаг, магадгүй хүндэлж явдаг хүн бий юу?

Япон хүмүүс тэр тусмаа Happy Science-ийн номлолууд, Лондон дахь салбарын ажилчид, гишүүдэд гүнээ талархаж явдгаа. Энэ газрыг танилцуулсан талийгаач анжелик Эрдэнэтуяа эгчдээ би өртэй... Би энэ газраас яагаад, яагаад, яагаад гэж тээж явсан олон асуултууддаа хариулт авч дотор минь уужирсан юм даа. Мэдээж олон хүмүүсийн дэмжлэг тусламжаар л өнөөг хүртэл явсан, цаашдаа ч адилхан байна нэгэнт л амьдрал үргэлжилсээр байгаа болохоор. Жишээ нь дүү нар маань сурч ажиллахын зэрэгцээ хүүхэд харалцаж өгч байсан, ээж аав маань өөрсдийгөө болгоод явдаг гэх мэт энэ бүхэн нь мэдээж хамгийн том тус байсан. Гэхдээ энэ оронд хамгийн хэцүү үед минь, хамгийн хэрэгтэй үед минь, хамгийн зөв аргаар тусалсан эсвэл намайг аварсан нь зүйл нь Мастер Рюухо Окава-гийн номнууд байсан. Жишээлбэл: Хувиршгүй Сэтгэл, Нарны Хууль, Алтан Хууль, Мөнхийн Хууль, Буддизмын Мөн Чанар, Хөгжихийн Хууль, Аз Жаргалын Хуулиуд гэх мэт олон цуврал хуулиудын номнуудаа одоо ч шүтэж баярлаж явдаг даа.  
 
Цаашдынхаа ажил мөрөөдлийнхөө талаар хуурч хөөрөлдөхгүй юу?

Яг тэнд энд ингэнэ гэж өнөөдөр хэлээд байх юм байхгүй байна л даа. Гэхдээ бодож, санаж, оролдож яваа зүйлүүд бий. Ямар ч байсан надад мөрөөдөл бий. Би гэхдээ хийсэн хойноо хэлэх дуртай л даа. Тиймээс энэ удаа арай эрт байна. Тэгээд ч миний амьдрал одоо л эхлэх гэж байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ хаана ч явсан юу ч хийсэн хүмүүст хэрэгтэй юм хийж, эвсэл хүмүүст хэрэгтэй хүн болохын төлөө чадахаараа, гэхдээ өөрийнхөө үзэл бодол итгэлээр зүтгэнэ гэж боддог. Ингэхийн тулд надад эхлээд сурах, ойлгох хэрэгтэй байсан л даа. Тиймээс ч ингэж нэлээд олон жил сургуулиар явсан минь энэ.    
 
Их Британид байгаа эсвэл гадаадад сууж байгаа Монголчуудад зориулж хэлэх сургамжтай мэдүүштэй зүйлс танд байгаа нь дамжиггүй, бидэнтэй хуваалцана уу?

Аан, бид чинь мундаг хүмүүс шүү дээ. Бүгд энэ өртөг өндөртэй,  цаг хугацаатай уралдсан асар хурдтай оронд өөрсдийн хэмжээндээ тултал ажиллаж хөдөлмөрлөж, өөрийн гэр бүлээ болон ар гэр ахан дүүсээ тэтгэж дэмжиж яваа мундаг хүмүүс шүү дээ. Тиймээс чадахаараа бие биенээ хүндэлж, хайрлаж, дэмжиж, тэтгэж явах хэрэгтэй. Энэ 21 дүгээр зуунд бид хамтдаа л энэ Монгол гэдэг оронд Монгол хүн болж төрөхөөр өөрсдөө сонгож ирсэн болохоор энэ цаг үеийн монголын түүхийг бид хамтдаа л байгуулж хамтдаа бичилцэх гэж ирсэн нь ойлгомжтой байгаа биз дээ. Тэгэхээр улс эх орны маань хөгжил ирээдүй нь бидний хамтын хүч, чин хүсэл сэтгэлээр л босох болно. Монгол орныг монголчууд өөрсдөө л хөгжүүлж чадна. Хүн хүний доторхыг мэдэж болдоггүйтэй адил гадаадын хүмүүс бидэнд  юу хэрэгтэйг сайн мэдэх боломжгүй харин өөрсөддөө хэрэгтэй зүйлүүдийг олж харах нь ойлгомжтой. Тиймээс бидэнд юу байгаа байхгүй, юугаараа илүү дутуу гэдгийг энэ л гадаадад амьдарч, сурч, хөдөлмөрлөж байгаа болон байсан хүмүүс мэднэ шүү дээ. Тиймээс бид чинь эх орондоо хэрэгтэй зүйлүүдийг дор бүрээ суралцаж, өөрсдийгөө бие сэтгэлээрээ бэлтгэж байгаа гэж би бодож байна. Яагаад гэвэл бодит амьдрал чинь өөрөө хамгийн том сургууль юм тиймүү. Тиймээс ирээдүй гэрэл гэгээтэй, өөдрөг гэдэгт итгэж хамдаа сэтгэл зүрхээрээ нэгдэж  өөрсдийнхөө амьдралыг сайжруулахын төлөө хамтдаа зүтгэцгээе гэж уриалах байна даа.  
       
Маш сонирхолтой сайхан зөвлөгөөгөөр дүүрэн ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын ажил уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.

Танд ч бас их баярлалаа. Таны ажил амьдралд ч гэсэн хамгийн сайн сайхныг хүсье. Хамгийн сүүлд нь хэлэхэд Бурхан хэзээ ч хүнд өөрийн хэмжээнээс хэтэрсэн проблем өгдөггүй юм гэсэн. Тиймээс хэцүү бэрхшээл байх тусмаа тэр хэмжээгээр өөрт чинь өсч хөгжих боломж олгож байна гэсэн үг. Үүнийг бас улс орны түвшинд ч хэлж болох юм. Тиймээс бүгдээрээ  хамтдаа бас дор бүрдээ сайн сайхан амьдралынхаа төлөө тэмцэцгээе.   

Ярилцлага хийсэн
Амьдралын Дасгалжуулагч
Б. Мөнгөнтуяа
Британий Монголчуудын Холбоо
Британи дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан
Оюунлаг Бүтээлч Клуб
Удирдах Ур Чадварын Сургалт

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино