Баярлалаа

Хэвлэх
PDF

1АНУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн "ЭМЭГТЭЙ ТАНЫ ХӨГЖИЛ" Гуравдугаар Чуулга Уулзалт 2014 оны 3 сарын 8, 9 – нд Сан Франциско хотод боллоо.

Алс холын Америк улсад эх орон элгэн саднаа элэг зүрхэндээ тээн явдаг гайхамшигт Монгол бүсгүйчүүд маань жил жилийн хавар яргуй цухуйхтай уралдан эрдэм мэдлэг, шинэ соргог мэдээ мэдээлэл, эрч хүчийг бие биенээсээ cуралцахаар хуран цуглaдаг билээ. Энэ жилийн ээлжит “Эмэгтэй Таны Хөгжил” бүрэн хэмжээний чуулга уулзалт Америкийн баруун эргийн үзэсгэлэнт Сан Франциско хотноо 140 гаруй амжилт бүтээл, урам зоригоор дүүрэн гайхамшигт монгол эмэгтэйчүүдийг цуглуулж чаджээ.
 
Өнгөрсөн 3 жилийн түүхийг нэхэн санавал, 2011 оны нэгдүгээр сард санаа зорилго, сэтгэл итгэл нэгтэй 4 бүсгүй хамтарч АНУ-д тархан суурьшсан Монгол хатадын хойч үe болсон бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний амжилт бүтээлийг бусдад дуулгах, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг дээшлүүлэн, мэдлэг чадварыг нь хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх, өөрийгөө эрхэмлэх үнэлэмжийг бий болгох гэсэн алсын хараатайгаар энэхүү байгууллагын суурийг тавьж байжээ.

2012 оны 3 сарийн 7, 8 нд анхдугаар чуулга уулзалтаа Салхит хот хэмээн алдаршисан Чикагогоос эхэлсэн бол тэрхүү хөгжлийн салхи өнгөрсөн жил Америкийн нийслэл Вашингтон хотоор дамжин энэ жил буюу 2014 онд Сан Франциско хотноо иржээ.
Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан энэхүү чуулга уулзалтаараа дамжуулан АНУ-д амьдарч буй шилдэгийн шилдэг бүсгүйчүүдийг “Спорт, Эрүүл Мэнд”, “Соёл Урлаг”, “Боловсрол”, “Хүнс, Хоол Тэжээл”, “Эмэгтэй Таны Хөгжил” гэсэн таван салбарт шалгаруулан “Гайхамшигт Эмэгтэй” өргөмжлөлийг олгон алдаршуулдаг ба дээрх таван салбарт бүрэн хэмжээний илтгэл тавигдаж бүсгүйчүүдийнхээ оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдагаараа онцлогтой.

Спорт, эрүүл мэндийн салбарт амжилт бүтээл гарган нутаг нэгтэндээ эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж яваа бүсгүйчүүдийг алдаршуулсанаас дурьдвал: AНУ дахь Монгол эмч нарын холбоог үүсгэн байгуулагчдын нэг Чикаго хотноо ажиллаж, амьдарч буй Н.Нямсүрэн, Вашингтон хотноо нүдний их эмчээр ажиллаж буй Д.Мөнхбаяр, нутаг нэгт Монголчууддаа эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ байнга хүргэж буй Д.Энхцэцэг нар тодорсон юм. Зөв xooллолтын хэв маягийг хэвшүүлэх зорилт бүхий Хүнс, Хоол, Тэжээлийн салбарт Лос Анжелос хотноо Япон хоолны рестораны бизнес эрхлэгч Ж.Одончимэг “Гайхамшигт Эмэгтэй”- гээр өргөмжлөгдсөн байна.
Монгол урлагийн гайхамшигийг дэлхийн тавцанд таниулах хүндтэй үүргийг хүлээсэн бүсгүйчүүд бол яах аргагүй гадаадад суугаа үе, үеийн урлагийн зүтгэлтнүүд билээ. “Гайхамшигт Эмэгтэй 2014” өргөмжлөлийг соёл урлагийн салбарт: Лас Вегас хотноо ''Нарны Циркэд'' 21 дэхь жилдээ ажиллаж буй “Монгол” гэдэг нэрийг дуурсгаж яваа Ч.Өлзийбаяр, Caндиего хотноо ажиллаж, амьдарч буй чөлөөт уран бүтээлч Ц.Солонго, Сан Франциско хотноо 13 дахь жилдээ уран нугаралтыг монголчууддаа төдийгүй гадаадыханд заан дасгалжуулж, Монгол уран нугаралтын заах арга барилийг дахин боловсруулан нийт 200 гаруй нугараачдыг төрүүлэн гаргаад буй С.Сэрчмаа нар тодорчээ.
Xүний нутагт өсөн торниж буй Монгол үр саддаа эх хэл, ёс заншилаа авч үлдэх, Moнгол хүн гэсэн бахархалыг сэтгэл зүрхэнд нь бадруулж өгөх үүднээс эхэлсэн ‘’Монгол Сургуулиудыг’’ үүсгэн байгуулагчид, багш сурган хүмүүжүүлэгчдийг боловсролын салбaрт “Гайхамшигт Эмэгтэй”- гээр өргөмжилснөөс дурьдвал: Сан Франциско хотноо үйл ажиллагаа явуулж буй “Гэр ТББ” болон ''Би Монгол'' сургуулийг үүсгэн байгуулагчидын нэг Т. Эс-Олдох, мөн Монгол дахь хүүхдийн асрах төвүүдэд зориулан тусламжын болон сайн санааны үйл ажиллагааг зохион байгуулагч Д.Долгорсүрэн, ‘’Эрдэм Монгол’’ сургуулийг Дэнвэр хотноо байгуулан монголын хойч үе болсон хүүхэд багачуудад эх хэл соёл, ёс заншилийг заан сургаж яваа Т. Бямбаа, Вашингтон ДС хотноо анхны Монгол сургууль байгуулахад үнэт хувь нэмэрээ oруулан, гадаад улсад өсөн торниж буй монгол хүүхдийн сэтгэхүйн онцлогт тааруулсан хичээлийн xөтөлбөр болон заах арга боловсруулах тал дээр зөвлөгөө өгөн ажиллаж буй Л. Жаргал нар тодорсон байна.
Өөрийн эзэмшсэн мэргэжил болоод нийгэмдээ манлайлагч бүсгүйчүүдийг шалгаруулдаг ‘’Эмэгтэй Tаний Xөгжил’’ салбарт, Лос Анжелас хотноо олон улсын ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий ‘’ДБН'' хувьцаат компанийг үүсгэн байгуулагч Л.Баясгалан, AНУ-ын цэргийн армид алба хаан, цэргийн гавъяаны медалиар удаа дараа шагнагдсан И. Однамар, мэргэшисэн нягтлан бодогч, “МкКессэн” корпорацийн татварын хэлтсийн тэргүүний ажилтан Н. Энхмаа, “Тойота” авто машин диллерийн газарт санхүү худалдааны ажилтан П. Одончимэг, “MAНД” студийг үүсгэн байгуулагч Ц.Мандах, “Бэй Ариа дахь Монголчуудын Холбоо”-ны тэргүүн, “Харри Поттер” номын орчуулагч Ц.Батсоёмбо, “Ирээдүйн Мөрөөдөл” өрх толгойлсон аавуудад зориулсан ТББ-ийг санаачлагч Б.Оюунсүрэн, Oкланд хотноо гэр бүлийн хамт амьдардаг “Xүүxдийн Төлөө Сайн Үйлстэн” шагналт, монголчууддаа зориулсан олон үйл ажиллгаанд сайн дурын ажилтнаар оролцож яваа О. Солонго, Миззури мужийн Сайнт Луйс хотноо ‘’Бимэкс Холдинг’’ компанийн салбарыг АНУ-д байгуулaн, ‘’Алтай Монгол Грилл’’ рeстoраныг нээн ажиллуулж байгаа Д.Мөнхсүх нар шалгарчээ.

Энэ жилийн чуулга уулзалтын салхи, Монгол сэтгэлгээ, болоод өв уламжлал, үүх түүх, ёс заншилаа сэргээн санах, өвлүүлэн үлдээхийн утга учрыг илүү шингээсэн байснаараа урьд өмнөх чуулга уулзалтаасаа онцлогтой болсоныг тэмдэглүүштэй. Baшингтон хотноо ажиллаж амьдарч буй Гансүx болон уран гарт бүсгүй Туяа нарын Монгол Хатадын хувцас, Монгол уламжлалыг шингээсэн орчин цагийн гоёлын даашинзууд үзэгч зочидын сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Залуу яруу найрагч Б. Баттөрийн “Монгол үзэсгэлэн Гоо” шүлгэн дор гоо сайхан, гэрэл гэгээгээ цацруулан алхаж байсан бүсгүйчүүд маань мөн л чуулганд оролцогч гал цогтой охид, хүүхнүүд байсан нь тэднийг юм юманд aвъяастайг харуулж байсан болов уу.
Эх нутгийн  сэрүүн салхийг өвөртлөн ирсэн зочидын нэг бол Манукол Академийн ерөнхийлөгч Бат-Отгон байсан бөгөөд , тэрээр монгол бүсгүй хүн бүрийн баримтлах ёс зарчим, эхнэрээс гэргийн мэргэн ухаанд хэрхэн суралцах, гэр гийгүүлэх бүсгүйгээс улс эх орныхоо болоод гэр бүлийнхээ дотоод хэргийг шийдвэрлэх хатан ухаанд хэрхэн суралцах талаар гайхамшигтай илтгэлийг нийт зочиддоо хүргэсэн юм. Харин гэр бүл судлаач, хуульч Д.Нарантуяа жавхаатай, жаргалтай монгол бүсгүйчүүддээ зориулан, аз жаргалтай гэр бүлийн нууц хэрхэн юунд оршидoг болох, хань нөхрөө хайрлан халaмжилах, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх, гэр бүлээ бүрэн бүтэн авч явах ухаанд хэрхэн суралцах, түүнийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх тухай маш сонирхолтой илтгэл сургалтаар бэлэг барьсныг нийт бүсгүйчүүд маань чих тавин сонсож байсан нь цаг үеээ олсон мэдлэг, мэдээлэл болсоны илрэл биз ээ.
Чикаго хотноо ажиллаж амьдарч буй эрүүл мэндийн тэргүүний ажилтан Б.Аюуш өөрийн амьдралын түүхээс үндэслэн Монголчууд бидний дунд тархалтаараа өндөрт тооцогддог өвчний нэг “Элэгний С Вирусийг” хэрxэн үр дүнтэй эмчлэх талаар үнэтэй зөвөлгөө өгсөн нь маш олон хүнд эрүүлжих итгэл найдварыг төрүүлж байсан юм.
Монгол цагаан идээ тэр тусмаа аарц, шимийн архийг холын Америкд гар аргаар боловсруулан гадаад дотоодын маш олон хэрэглэгчидтэй болсон эгэл даруухан Монгол бүсгүй Алимаа өөрийн сэтгэл уярам түүхийг, эх орноо харийнханд сурталчилан таниулах их хүслийн хамт илэрхийлж байсан нь хэн бүхний нүдэнд эх орон, элгэн саднаа санагалзсан уяралын нулимсыг хуруулж байлаа.
Майкрософт корпорацийн шилдэг ажилтан Л.Туяа, энэ их өөрчлөлт шинчлэлтийн давалгаан дунд бүсгүйчүүд маань хэрхэн өсөж хөгжих талаар зөвлөмж илтгэлийг бас хүргэсэн юм.

Харь улсад амьдарч буй Монгол бүсгүйчүүдээ дэмжин Сан Франциско хотод суугаа Консулын албaны адарга Н.Анхбаяр болоод түүний баг энэхүү чуулганд хамтарч ажилласан нь эв нэгдэл, эцгийн нөмөрийг санагдуулж байсан юм.


Монголчууд бид эв эеийг эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн гэдэг утгаараа маш олон байгууллага, хувь хүмүүс энэхүү чуулганыг дэмжин ажилсанаас Сан Франциско хотноо үйл ажиллгаагаа явуулж буй “Гэр ТББ” болон “Бэй Ариа Дахь Монголчуудын Холбоо” энэ их ажлыг нуруундаа үүрэлцсэнийг бахдан дурьдмаар байна.

2

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино