Би эхнэр авмаар байна

Хэвлэх
PDF
 
Жюди Брэди (1971)

Би хүмүүсийн “эхнэр” гэж тодорхойлдог ангилалд багтдаг хүн. Би Эхнэр. Мөн үүгээр ч зогсохгүй би Ээж.

Манай нэг эрэгтэй найз эхнэрээсээ салаад удаагүй бөгөөд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм. Найз маань нэг хүүтэй, мэдээж салсан эхнэрийнх нь. Тэгээд одоо өөр эхнэр хайж байгаа юм. Нэгэн орой би хувцас индүүдэнгээ найзынхаа талаар бодож байгаад гэнэт л би ч гэсэн эхнэр авмаар байна гэсэн хүсэл өөрийн эрхгүй надад төрлөө. Яагаад би эхнэр авмаар байна вэ гэж үү?
Би эдийн засгийн хувьд бие дааж, өөрийгөө хөгжүүлэх, бас надаас хамааралтай хүмүүсийг хэрэгцээтэй үед нь тэтгэж байх үүднээс сургуульдаа буцаж ормоор байна. Намайг сурч байх хугацаанд ажил хийгээд гэр орноо аваад явчихдаг эхнэртэй болмоор байна. Бас намайг сургуульдаа яваад эзгүй байх хойгуур эхнэр маань хүүхдүүдээ асарч халамжлаад байж байвал зүгээр. Бас хүүхдүүдийг эмчид үзүүлэх, шүдний эмчээс цаг авах ажлыг зохицуулчидаг байх хэрэгтэй. Минийхийг ч бас зохицуулах ёстойг хэлэх юун. Мөн миний хүүхдүүдийг зөв зохистой хооллож, тэдний хувцсыг угааж цэвэрхэн байлгах, уранхай цоорхойг нь нөхдөг байх ёстой. Хүүхдүүдийн хичээлийг давтуулж, үе тэнгийхэнтэйгээ нийгмийн зохистой харилцаанд орж чадаж байгаа эсэхэд анхаарал тавьж, мөн хүүхдүүдийг  парк, амьтны хүрээлэн рүү авч явдаг сайн хүмүүжүүлэгч, асран хамгаалагч байх эхнэр авмаар байна. Би хичээлээ тасалж болохгүй учраас хүүхдүүд маань өвдөж онцгой халамж анхаарал шаардлагатай болвол эхнэр маань хүүхдүүдээ халамжилж бүгдийг зохицуулдаг байх хэрэгтэй. Ийм тохиолдолд тэр ажлаасаа эвтэйхэн чөлөө авж, ажлаасаа халагдчихгүй байх ёстой. Ажлаа таслаад байвал эхнэрийн маань орлого тэр хэрээр багасана гэсэн үг шүү дээ, гэхдээ яахав би энийг тэвчиж болох байх. Бас эхнэр маань хүүхдүүдээ асрангаа ажил хийж мөнгө олж байх ёстой гэдгийг энд дурьдах нь илүүц биз ээ.
Би миний биеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, ойлгодог эхнэртэй баймаар байна. Бас гэр орныг маань сайхан цэвэрлэчихдэг байх хэрэгтэй. Миний хувцасыг цэвэрхэн байлгадаг, угаадаг, индүүддэг, хэрэгтэй үед олоход амар байдлаар бэлдээд тавьчихдаг тийм эхнэртэй баймаар байна. Бас миний эд юмсыг хэрэг гарсан үед олоход амархан газар цэгцэлж тавьдаг байх ёстой. Би сайхан хоол хийдэг эхнэр авмаар байна. Эхнэр маань хоолны цэсээ төлөвлөж, дэлгүүрээс хэрэгцээтэй хүнсээ цуглуулдаг, төрөл бүрийн хоол бэлдэж, надад ялдамханаар үйлчилдэг, бас намайг хичээлээ хийж байх хооронд цэвэрлэгээгээ хийдэг байх ёстой. Намайг өвчин тусаад, түүндээ зовж шаналаад хичээлдээ явж чадахгүй үед маань асарч, халамжилдаг эхнэртэй баймаар байна. Гэр бүлийхэнтэйгээ амралтанд явах ч юмуу, амарч, орчноо солих шаардлага гарсан үед миний хүүхдүүдийг асарч байх хүн байх хэрэгтэй учраас би эхнэр авмаар байна.
Би эхнэр хүний үүргийн талаар байнга гомдоллож намайг залхаадаггүй мөртлөө хичээлээ давтахад тулгарсан хэцүү асуудлуудыг хэлэлцэж тайлбарлахад минь намайг тэвчээртэйгээр сонсдог эхнэртэй баймаар байна. Би бас намайг даалгавараа бичээд дуусчихсан бол шивээд өгчихдөг эхнэртэй баймаар байна. Эхнэр маань миний нийгмийн амьдралыг анхаарч, хичээнгүйлэн зохицуулдаг байх ёстой. Эхнэр бид хоёр найз нөхдийндөө уригдсан тохиолдолд хүүхдээ харуулах асуудлыг эхнэр маань өөрөө аргалж, зохицуулдаг байх хэрэгтэй. Намайг сургуулийнхаа найзуудыг гэртээ урьж авчраад хөгжилдмөөр байгаа үед гэрээ цэвэрлэж тусгайлан сайхан хоол бэлдээд, найзуудыг маань дайлдаг байхын зэрэгцээ биднийг сонирхолтой яриа өрнүүлж байхад  садаа болоод байдаггүй тийм эхнэр авмаар байна.
Мөн зочдыг гэрт ирэхээс өмнө эхнэр маань хүүхдүүдийг хооллоод, унтуулчихдаг байвал зочдод садаа болохгүй амар байна. Бас би зочдын маань хэрэгцээг анхаарч тэднийг ая тухтай байлгадаг, үнсний сав ширээн дээр байгаа эсэх, зуушаа дууссан эсэхийг анхаардаг, дууссан бол  дараа нь  үндсэн хоол өгдөг, хундагатай дарс нь дундарсан бол дүүргээд өгдөг, хүссэн үед нь кофегоор дайлдаг эхнэртэй баймаар байна. Бас эхнэр маань надад зарим орой гадуур гарч наргиж цэнгэж алга болох хэрэгцээ байдгийг ойлгож мэддэг  байх ёстой. Манай эхнэр бас миний сексийн хэрэгцээнд мэдрэмжтэй ханддаг, намайг хүссэн үед дур хүсэл дүүрэн янагладаг, намайг ханамж авсан эсэхэд анхаардаг байх хэрэгтэй. Тэгээд мэдээж, намайг сонирхолгүй байгаа үед секс хийх гээд хүсэж шаардаад байдаггүй бол сайн. Бас би ахиж хүүхэдтэй болмооргүй байгаа учраас жирэмслэлтээс хамгаалах асуудлаа өөрөө зохицуулдаг байх ёстой. Эхнэр маань насан туршдаа ганцхан надад үнэнч байж, миний оюун ухааныг хардалт гэсэн зүйлээр үймүүлдэггүй байх ёстой. Бас миний сексийн хэрэгцээ надаас зөвхөн ганц хүнтэй байхаас илүү зүйл шаарддагийг ойлгодог байх хэрэгтэй. Эцсийн эцэст би чинь хүмүүстэй аль болох л бүрэн дүүрэн харилцаатай байх ёстой шүү дээ.
Би одоо байгаагаас минь илүү эхнэр болоход тохиромжтой хүнтэй магадгүй тохиолдлоор таарвал одоогийн эхнэрээ дараагийнхаар нь солих эрх чөлөөтэй баймаар байна. Мэдээжийн хэрэг, ийм тохиолдолд би цоо шинэ амьдрал эхлүүлэх болохоор хуучин эхнэр маань хүүхдүүдээ өөр дээрээ  авч намайг чөлөөтэй орхих хэрэгтэй. Би сургуулиа төгсөөд ажилд орвол эхнэр маань ажлаасаа гарч, гэртээ суун эхнэрийн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байхыг хүсч байна. Бурхан минь, хэн эхнэртэй байхыг хүсэхгүй гэж!
 
Орчуулсан: Залуу эмэгтэйчүүдийн клуб (Х.Номингэрэл, Б.Золзаяа, Ж.Тэгшзаяа)

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино